Монгол улс нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр нийгэм эдийн засаг болоод гэр бүлийн эдийн засгийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан. Нийгэм өөрчлөгдөн, шинэчлэгдэхийн зэрэгцээ гэр бүлийн эдийн засаг, өрхийн төсвийн бүтэц ч зүй тогтлоороо өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа бөгөөд энэ гэр бүлийн амьдралд олон эерэг, сөрөг үр дагаваруудыг авчирч байгаа билээ.
Гэр бүлийн эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны гол объект нь өрх гэрийн үйлдвэрлэл буюу өрхийн төсвийн асуудал юм.
Гэр бүлийн эдийн засаг гэдэг нь гэр бүлийн нийт гишүүдийнхээ хүсэл хэрэгцээг хангахын тулд хязгаарлагдмал нөөц хөрөнгө, баялагаар гишүүдийнхээ хэрэгцээг хамгийн оновчтойгоор хувиарлах үйл явц юм.
Гэр бүлийн эдийн засгийн ухаан нь сэтгэл судлал, гүн ухаан, нийгэм судлал, нийгэм хамгаалал, аж ахуй судлал зэрэг олон шинжлэх ухаантай хамааралтай байдаг бөгөөд эдгээр салбар шинжлэх ухаанууд нь бүгд бие даасан бодит шинжлэх ухаан юм.
Өрхийг гэр бүл (Family) юмуу гэр (Ноme) эсвэл эдийн засгийн амьдралын нэг өрх (household) гэж тодорхойлж болдог.
Өрхийн төсвийн ойлголт, ухагдахуун:
Гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд шаардагдах орлогын эх үүсвэр, түүний зарцуулалт, үр дүнг урьдчилан харж мөнгөөр илэрхийлэн тооцсоныг төсөв зохиох гэнэ. Өрх бүрт ашиглагдах мөнгөн хөрөнгийг /орлогыг/ төлөвлөгөө, менежменттэйгээр захиран зарцуулах, бүртгэж хөтлөхийг өрхийн төсөв гэж хэлж болно. Өрхийн төсөв нь өрхийн гишүүдийн материаллаг болон соёлын /оюун санааны/ хэрэгцээг аль болох хязгаарлагдмал нөөцөөр бүрэн дүүрэн хангахад чиглэгдэнэ.
Өрхийн төсөв нь:
Өрхийн орлого: Хэрвээ орлого, зарлагаас давбал зарлагаас давсан орлого буюу илүү гарсан орлого болно. Энэ нь гэр бүлийн эдийн засагт бусад төрлийн хэрэгцээгээ хангахад чиглэгдэх боломжтой болно.
Өрхийн зарлага: хэрвээ зарлага , орлогоос давбал орлогоос давсан зарлага буюу өрхийн эдийн засгийн хувьд алдагдалтай байна гэсэн үг.
Өрхийн орлого нь өрхийн төсвийн үндэс бөгөөд чухал бүтэц юм. Гэр бүлийн орлого гэдэг нь тогтсон болон тогтмол бус хугацаанд орж ирж байгаа бараа, үйлчилгээ, мөнгөн орлогыг хэлнэ. Орлого өрхийн гишүүдийн хэрэгцээнд зарцуулагдана.
Өрхийн төсөвт дараах 2 төрлийн татвар байна.
Үүнд :
Хүн амын орлогоос шууд авах хүн амын орлогын албан татвар
Монгол улсад Хүн амын орлогын албан татварыг орлогоос 10 %-р тооцож авдаг. Жишээлбэл : 500000 орлоготой хүний НДШ-н 10%-г хасаад үлдсэн дүнгээс нь ХАОАТ-г 10 % -р тооцож авна.
Өрхийн төсвийн зарлагад шингэсэн буюу бүтээгдэхүүн үйлчилгээний үнэд шингэсэн татвар буюу нэмэгдсэн өртгийн албан татвар
Тухайлбал : Хэрэглэгчийн худалдан авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингэсэн байх бөгөөд энэ шууд бус татвар буюу гэр бүлийн нуруун дээр ачаа болдог татварын нэг төрөл юм. НӨАТ-г 10 %-р тооцож авдаг.
Өрхийн төсвийн хэрэглээ буюу зарлага:
Орлого нь гэр бүлийн эдийн засгийн төсвийг бүрдүүлэгч гол элемент болдог шиг, хэрэглээ ч гэсэн мөн чухал бүрдүүлэгч нь юм. өрх нь амжиргаандаа хэрэгтэй зүйлээ орлогоосоо худалдан авахыг зарлага гэнэ. өрхийн зарлагад худалдан авсан эд зүйл хэрэглээнээс гадна хадгаламж хүртэл байдаг. өрхийн хувьд зарлагаа тооцож , бүртгэх нь маш чухал юм.
Хэрвээ ямар ч тооцоололгүй зарлага гаргаад түүнийгээ мэдэхгүй байснаар өр зээл өрх гэрт бий болдог. Энэ нь удаан үргэлжилснээрээ өр зээлэнд автах, эдийн засгийн хувьд гэр бүл хямралд өртөнө. өрхийн зарлага нь гэр бүлд төдийгүй улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ.
Өрхийн хэрэглээ нь өрх гэрүүдийн аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан бараа, үйлчилгээ бөгөөд үүнийг Засгийн газар болон ААН-н хэрэглээнээс ялгахын хувийн хэрэглээ гэж ч хэлдэг.
Орлого тэгтэй тэнцүү байсан ч өрхийн амьдрал үргэлжлэн явагдах тул тодорхой хэмжээний зүйлсийг зайлшгүй хэрэглэдэг жамтай. өөрөөр хэлбэл хамгийн наад захын хэрэгцээгээ хангаж байхын тулд бусдаас зээлэх буюу өр тавих, өмнөх хадгаламжаасаа хэрэглээндээ зарцуулдаг.
Зарлага нь дотроо олон хэсгүүдэд хуваагдаж байдаг.
Үүнд :
Тогтмол зардал
Тогтмол бус зардал гэсэн төрөлтэй.
v Тогтмол зарлагад гэр бүлийн эдийн засгийн тайланд гарч буй хоол хүнс, байр орон сууц, халаалт, албан татвар, сургалтын төлбөр гэх мэт ордог.
v Тогтмол бус зардал төлөвлөж амжаагүй гэнэт бий болж буй зарлагыг хэлнэ. Үүнд :эм тариа, эмчилгээ хийлгэх, хурим, оршуулга, төрсөн өдөр, мэдээлэл олж авах, гэнэтийн зочин, улирлаас шалтгаалан хувцас авах, тавилга гэх мэт .
Өрхийн төсвөө хөтөлж буй хүн нь тогтмол зарлагаа төлөвлөж болох ч тогтмол бус зарлагаа төлөвлөхөд тун хэцүү. Тиймээс орлогоо эхнээсээ хувиарлахдаа тогтмол зарлагаас гадна, тогтмол бус зарлагын фонд нээх хэрэгтэй юм.
Зарлагыг ангилахдаа:
1. Барааны нэр төрлөөр ангилах: Гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, өвлийн хувцас , зуны хувцас, гутал г.м
2. Хэрэглээний зориулалтаар нь ангилах: хоол хүнс, хүнсний бус,
Өрхийн төсвийн менежмент:
Нийгэм эдийн засгийн нэг нэгж ,эс болж байдаг өрх гэрийн нийгэм эдийн засаг, санхүү менежментийн асуудлыг судлах нь өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Учир нь гэр бүлийн амьдралын мөчлөгт тухайн өрх гэрийн эдийн засаг, санхүү менежментийн асуудал хэрхэн өөрчлөгдөн, шинэчлэгдэж , үйл явц ньулам илүү нарийсч байгаа билээ.
Өрхийн төсвийн менежмент гэхээр хүмүүс олон талаар ойлгодог. Гэхдээ нийгэм дээр нийтлэг байдаг ойлголт бол санхүү, эдийн засаг тал дээрээ илүү зөв зохион байгуулалттай байхыг хэлдэг байх гэж хүмүүс үздэг.
Менежмент гэдэг маань өөрөө аливаа байгууллага дотор байдаг шигээ гэр бүл дотор ч гэсэн байдаг. Тэгэхлээр менежмент нь ганц хүний ойлголт бус нийтийн үйл явцыг удирдах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
Гэр бүл санхүүгийн хувьд хэрхэн эрүүл байх вэ ? гэсэн асуулт гэр бүлүүдийн өмнө тавигдаж байгаа чухал асуудал.
Өрхийн санхүүгийн удирдлага буюу менежмент гэдэг нь өрхийн хэрэглэж буй нөөц баялагийг илүү үр дүнтэй ашигтай байдлаар ашиглаж зарцуулахын тулд бүртгэл хөтлөн, төлөвлөн гүйцэтгэж, тооцон дүгнэж, алдаа дутагдлаа засан залруулж буй үйл явц юм. Өнөөгийн орлого хангалттай гээд өрхийн төсвийн санхүүгийн менежмент хийхгүй байх нь гэр бүлийн эдийн засгаа тогтвортой хамгаалж байна гэсэн үг биш юм. Тиймээс өрхийн төсвийн санхүүгийн менежментийг эрсдэл, эмзэг байдал үүссэн үед нь эргэж нэг хийхдээ гол нь бус харин ч одоогийн тогтвортой байгаа болон зайлшгүй төлөвлөх хэрэгцээгээ мэдсэн үе дээрээ хийж эхлэх нь хамгийн оновчтой алхам болно.
Өрхийн төсвийн санхүүгийн менежментийг өрх гэр бүр хэрэгжүүлж эхэлснээр дараах ач холбогдолтой талуудыг мэдрэх болно. Үүнд :
1. Амьжиргааны түвшингөө мэдэж, төлөвлөж сурах ба сэтгэл ханамжийг авч чадна.
2. Болзошгүй эрсдлээс өрх гэр өөрсдийгөө хамгаалж чадна.
3. Нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс өрхийн төсвийг хямралд оруулахгүйгээр хамгаалж чадах бололцоотой юм.
Өрхийн санхүүгийн менежментийг хэрэгжүүлэх үе шат:
Ш Санхүүгийн зорилго тавих хэрэгтэй.
Ш Зорилгодоо хүрэх зорилтуудтай байх.
Ш Зорилтуудаа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах
Ш Төлөвлөгөөндөө хүрэх менежментийн аргаа сонгох
Ш Сонгосон аргаа хэрэгжүүлэх
Санхүүгийн зорилго нь 3 –н төрлийн байна.Үүнд:
v Богино хугацааны /дараагийн саруудын болон дараа жилийн тань хэрэгцээнүүд орно./ Танай гэр бүлд гэнэтийн зардалд зориулсан мөнгө байнга бэлэн байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.доод тал нь танай гэр бүлийн 3 сарын орлоготой тэнцэх хэмжээний мөнгө байх нь энэ нь ойр зуурын хэрэгцээний мөнгө ,төлөвлөөгүй гэнэтийн зардлууд, өвчин эмгэг, гай гамшиг зэрэг гэнэтийн эрсдлүүд тохиолдоход зарцуулах мөнгө зайлшгүй хадгалсан байх шаардлагатай бөгөөд хэрвээ танай гэр бүлд тийм хөрөнгө байхгүй бол бий болгох нь танай гэр бүлийн санхүүгийн тэргүүний зорилго байх ёстой.
v Дунд хугацааны зорилго / 1 жилээс 3 жил хүртэлх хугацаан доторх/
v Урт хугацааны буюу хэтийн зорилго /одооноос 5 жил болон түүнээс дээш хугацаанд хүрэх гэж төлөвлөж байгаа санхүүгийн зорилгууд/ орно. Ж: Хүүхдийн дээд сургуулийн төлбөр, шинэ хөрөнгө худалдаж авах г.м танай гэр бүлийн хувьд байж болох зорилго байна.
Та санхүүгийн тодорхой зорилго урдаа тавьж түүндээ хэрхэн хүрэх арга замаа сайтар төлөвлөх нь хамгийн чухал.
Тодорхой зорилго гэдэг нь танай гэр бүлд юу юу чухал байна вэ? Гэж асуу, танай гэр бүлийг аз жаргалтай болгож, юу их зүйл бүтээхэд тань хүргэх вэ? Өрхийн санхүүгээ хүрч болох, тодорхой зорилтуудаар бич.
Тухайлбал: Шинэ машин авна гэсэн байхад тийм өнгөтэй, тийм маркын, тийм үнэтэй гэх мэтээр . дараа нь та энэхүү зорилгодоо хүрэх алхамаа хийх хэрэгтэй.Бага хэмжээний мөнгө байсан ч тасралтгүй хэмнэх нь цаг хугацааны урсгалд улам арвижин нэмэгдэх болно.
Санхүүгийн зорилгоо хэрэгжүүлэхийг та хүсч байгаа бол хэмнэлт хийхээс эхлэх хэрэгтэй юм.
Хэрвээ танай гэр бүл хэмнэлт ерөөсөө хийж чаддаггүй бол энэ нь хэрэглээ их болон зээл их тавьдагтай холбоотой.
Энэ нь санхүүдээ хүрэлцэхүйц зүйлүүдийг худалдан авахаасаа илүү орлогоосоо давсан зардлуудыг төлөвлөгөөгүй гаргаж байдагтай холбоотой. Хадгаламжгүй гэр бүл аливаа эрсдэл бэрхшээл тулгарахад хүнд байдалд буюу эмзэг байдалд өртдөг.
Өрхийн санхүүгийн зорилтыг биелүүлэхдээ:
а/ Санхүүгийн зорилгоо тавих
б/ Ашигтай тоцоотой мөнгөн зарцуулалт хийх
в/ Зарлагаа хянах
г/ Орлого болон хөрөнгөө хамгаалах
д/ Санхүүгийн ирээдүйн төлөвлөгөө гаргах
Аливаа өрх гэр нь санхүүгийн эрүүл байдалд өсч хөгжихийн тулд зорилго, зорилт дээрээ тулгуурлан төлөвлөгөө хийж байдаг .