Д.МӨНХДОРЖ: БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТҮВШИНД ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ.

Эм Эй Эф ББСБ-н захирал Д.Мөнхдоржтой ярилцлаа.

Сайн байна уу? Та өөрийн фэйсбүүк хуудсан дээрээ Банк Бус Санхүүгийн байгууллагын хүүгийн түвшинг банкуудын зээлийн хүүгийн түвшинд хүргэх боломжтой гэсэн байсан. Ер нь ББСБ-н хүүгийн түвшин яагаад өндөр байдаг вэ? Та энэ талаар ойлголт өгөөч.

Сайн байна уу? Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол улсад өнөөдөр 539 ББСБ үйл ажиллагаа явуулж, жилдээ 600-700 тэрбум төгрөгийн зээл гаргадаг. Энэ салбарт том тоглогч гэж байхгүй.Хамгийн их активтай ББСБ нь нийт зах зээлийн 3%-г эзэлдэг. Банкуудтай харьцуулахад бага мөнгөөр, өндөр өрсөлдөөн дунд, харьцангуй эрсдэлтэй сегмент дээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс ББСБ-н хувьд хүүгийн түвшин тогтооход зээлийн эрсдэлийн үнэлгээ, байгууллагын нийт зардал, ашгийн түвшин зэрэг хүчин зүйлүүдийг тооцож үзэх хэрэгтэй болдог. Банкуудын хувьд зээлийн эрсдэлийн түвшинг хамгийн бага байлгах зорилт тавьдаг учир харилцагчийн талаар олон материал шаарддаг бөгөөд тэр нь эргээд харилцагчдад явдал чирэгдэл их учруулдаг сул талтай байдаг. Харин ББСБ-н хувьд банкуудтай харьцуулахад харьцангуй эрсдэлтэй байж болох зээлийг гаргадаг. Өөрөөр хэлбэл харилцагч ББСБ-уудаас зээл хүсэхдээ элдэв бүрдүүлэх материал бага, чирэгдэлгүй үйлчилгээ авахыг хүсдэгээс  заримт тохиолдолдбага бичиг баримт бүрдүүлж орлого нотлохгүйгээр зээл олгох шаардлагатай тулгардаг. Энэ нь эргээд тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх, зээл муудах зэрэг эрсдэлтэй нөхцөл байдалд оруулах магадлалтай байдаг. Иймд зээлийн хүүг харьцангуй өндөр тогтоож өгдөг. Ер нь санхүүгийн зах зээлд эрсдэл өндөр байвал хүү болон өгөөж өндөр байдаг, эрсдэл бага байх тусам хүү болон өгөөж бага байдаг зарчимтай. Үүнийг харилцагчид маань сайн ойлгох нь чухал.

Тэгвэл таны хэлсэн ББСБ-н хүүг бууруулж банкны хүүгийн түвшинд хүргэх боломжтой гэсэн талаараа тайлбарлаач.

Тэгэхээр ББСБ-н зээлийн хүүг бууруулахын тулд тухайн харилцагч зээлдэгч эрсдэлгүй гэдгийг нотлох. Тэгэхээр ББСБ-ууд банкуудтай ижил түвшинд материал бүрдүүлэлт хийж, зээлийн эрсдэлээ шийдэх нэг арга байж болно. Ингэсэн тохиолдолд харилцагч банкнаас зээл хөөцөлдөх тул ББСБ-ууд өрсөлдөх давуу талгүй болж байгаа юм. Тиймээс бид зээлийн хүүг бууруулах арга замыг судлаж аль болох хож-хож зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд манай Эм Эй Эф ББСБ-с зээлдэгч маань зээлээ 3 ба түүнээс дээш сарын хугацаанд ашиглаад хугацаа хэтрэлтгүй төлсөн тохиолдолд зээлийн хүүг шатлан бууруулах систем боловсруулсан. Өөрөөр хэлбэл бид сайн харилцагчидаа урамшуулж, зээл авах бүрт зээлийн хүүгээс 0.1% бууруулах замаар хамгийн багадаа 2% хүүтэй зээл авах боломж санал болгож байна. Ингэснээр зээл хүсэгч олон төрлийн бичиг баримт бүрдүүлж, явдал чирэгдэл болохгүйгээр зээлээ аваад, хүүгээ бууруулаад явах боломжийг олгож байгаа юм. Яг одоогоор бид зээлийн хүүгээ үүнээс илүү бууруулах талаар ажиллаж байна.

УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн талаар ямар байр суурьтай байна?

Энэ хуулийн төсөл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болсон гэж байсан. Хуулийн гол үзэл санаа нь захиргааны аргаар зээлийн хүүнд хязгаарлалт тавих. Энэ нь эргээд санхүүгийн байгууллагуудын эрсдэл даах чадварыг хязгаарласнаар зээл олголт багасах сөрөг үр дагавар авчрах магадлалтай. Төгс өрсөлдөөнт, банк бус санхүүгийн байгууллагын салбарын хувьд зах зээлийн зарчмаараа аль хэдийн хүү буураад эхэлчихсэн. Үүнээс харахад энэ хуулийн шаардлага байхгүй гэж үзэж байна.

Энэ дашрамд та өөрийн байгууллагын талаар товч танилцуулаач.

Манай Эм Эй Эф ББСБ ХХК нь анх 2012 оны 7-р сарын 19-нд байгуулагдаж, 2014 оны 4-р сард банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авсан.

Одоогоор зээлийн үйл ажиллагаагаар дагнан ажиллаж байгаа бөгөөд харилцагчдын санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангахаар банк, санхүүгийн салбарын туршлагатай хамт олноор багаа бүрдүүлэн ажиллаж байна.

36 сар хүртэлх хугацаатай Бизнесийн зээлээс гадна, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, автомашин барьцаалсан, автомашин худалдан авах зээл болон барьцаат шуурхай зээлүүдийг уян хатан эргэн төлөлтийн нөхцөлтэйгээр санал болгон ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.